Түгжрэлийг бууруулах хүрээнд их, дээд сургуулийг хотын зах руу нүүлгэх саналыг Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс дэвшүүлэв.
Учир нь оюутнууд хичээлдээ явахын тулд өглөө бүр хотын бүх хэсгээс Бага тойргийг зорьж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж байгааг тус төвөөс хийсэн судалгаанд дурдав. Иймд сургуулиудыг нүүлгэж, оюутнуудыг дагасан худалдаа үйлчилгээ, кофе шоп зэрэг бусад бизнесийн байгууллага хотын төвөө нүүвэл хөдөлгөөн ихээхэн сарнина хэмээн үзсэн байна.
Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва “Төрийн өмчийн таван их, дээд сургуулийг Дэд төвүүдийг түшиглэн, гэр хорооллын хэсэгт нүүлгэхэд Засгийн газраас онцгой анхаарч, кампусыг нь барих мөнгийг шийдэх хэрэгтэй гэж үзэж байна” гэсэн юм.
Ийнхүү их, дээд сургуулийг нүүлгэснээр гэр хороололд хэрхэн нөлөөлөх талаар мөн судалж үзжээ.
Энэ талаар тэрбээр “Таван их сургуулийг тойроод хоёр километрын радиус дотор ерөнхий боловсролын 28 сургууль байна. Тэнд 72 мянган хүүхэд суралцдаг. Эдгээр сургуулийг лицей сургууль болгох, лицей болсноор сургуулиудын чанар сайжрах, эцэг эхчүүд хүүхдээ сургах сонирхол хандлага нэмэгдэж, төв рүү чиглэсэн хөдөлгөөн саарна” хэмээв.
“Хотын хойд хэсгийн гэр хорооллоос 93 мянган хүүхэд хотын төв рүү сургуульдаа явж байна”
Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 294 сургууль бий бөгөөд 364,186 хүүхэд суралцаж байна. Төрийн өмчийн 158 сургуульд нийт сурагчийн бараг 90 хувь буюу 310,184 хүүхэд суралцаж байгаа бол хувийн 136 сургууль 54,002 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Хотын төвийн сургуулиудын ихэнхийнх нь суудлын ачаалал хэт ихэссэн бол гэр хорооллын хэсэгт суудлын ачаалал харьцангуй цөөн байгаа юм.
Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва “Нийслэлийн хойд гэр хорооллын хэсэгт нийт 50 мянган хүүхдийн хүчин чадалтай 60 сургууль бий. Тэдгээрт 93 мянган хүүхэд суралцаж байна. Гэтэл тухайн хэсэгт сургуулийн насны 184 мянган хүүхэд бий. Түүний 93 мянга нь 60 сургууль сурч байгаа бол 91 мянга нь хотын төв рүү өглөө бүр сургуульдаа явж байна.
Гэр хорооллын хэсэгт дахин сургууль нэмж барих шаардлагатай. Түгжрэлийг бууруулахад замыг уртасгах, гүүр барихаас илүү боловсролын салбарт хийх шинэчлэлийн алхам чухал байна гэдэг судалгааны дүн гарсан.
Тус бүр нь 960 хүүхдийн суудалтай 52 сургууль баривал 540 тэрбум төгрөг хэрэгтэй. Ингэвэл замын хөдөлгөөний түгжрэл 16 хувиар буурна” гэв.
эх сурвалж: ikon.mn
Leave a reply